Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
 
Азхvv Галлерей

 Линк Баннерын зай

 Зай Линк Баннер

Mэдээ
Орон сууцны үнэ 15-30 хувиар хямдарчээ
Хэрэглэгч: Anxaa | Нэмэгдсэн огноо: 2008-10-02 23:48:34 | Засагдсан : | Уншсан : 611
Орон сууцны үнэ ганц сарын дотор 5-15 сая төгрөгөөр буурчээ гэвэл та итгэх үү. Манайх яг гурван долоо хоногийн өмнө байр авах гээд, зарын дагуу утасдаж, зарим байрыг очиж үзэж байлаа. Бид угсармал гурван өрөө байрыг сонирхож байсан юм. Тэгэхэд байршил, засвар, давхар зэргээсээ хамаараад үнэ нь 80-90 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байв. Аз болоход бидэнд таньдаг эдийн засагч маань байрны үнэ унаж буй талаар мэдээлэл өгсөн. Тухайн үедээ Монголд үнэ өсөхдөө амар боловч буурахдаа муу, юу л шалив гэж дээ хэмээн бодсон хэрнээ түр азнахаар шийдсэн юм. Гэтэл зөвхөн бид ч биш, өөр цөөнгүй гэр бүл ийнхүү худалдаа наймаагаа хойш тавин, байдлыг ажиглаж суусан бололтой. Өчигдөр зар аваад байрны үнэ хартал санаанд оромгүй тоо нүдний өмнө зурайв. Угсармал гурван өрөө байрыг 75 саяас ярина гэнэ. Утасдаад үзвэл үнэхээр ихэнх байрны үнэ ийн унажээ.

Харин одоо хэдэн жилийн өмнөх үеийг эргэн саная. Орон сууцны үнэ сүүлийн дөрвөн жил тасралтгүй өсч ирсэн билээ. Барилгын компаниуд үүнийгээ барилгын материалын үнийн өсөлттэй холбон тайлбарладаг байлаа. Эдийн засагчид харин монгол хүний худалдан авах чадвар сайжирч буй тул орон сууцны үнэ өсч байна хэмээнэ. Миний мэдэхийн дөрвөн жилийн өмнө хотын төвийн нэг өрөө байр ойролцоогоор арван сая төгрөг байсан. Гэтэл энэ оны эхээр нэг өрөө байрны үнэ 50 сая төгрөгт хүрсэн байв. Өнгөрсөн жил байрны үнэ бүр тэнгэрт хадсаныг та бүхэн мэдэж байгаа. Зарим тохилог, шинэ орон сууцны ам метр талбайн үнэ 2200 ам.долларт ч хүрсэн үе бий. Ашигтай салбар руу гадаад, дотоодын бизнес эрхлэгчид хошуурах нь мэдээж. Ингээд манай оронд барилгын салбар цэцэглэж эхэлсэн билээ.

Монголд одоо инфляцын түвшин 34 хувьд хүрчихээд байна. Монголбанк тэр давраад буй инфляцтай тэмцэх аргаа олжээ. Он гарсаар хоёр ч удаа бодлогын хүүгээ өсгөлөө. Энэ нь арилжааны банкуудыг зээлээ зогсоо гэх дохио болов. Өнөөдөр арилжааны 16 банкаас зөвхөн ХААН, Хас банк л орон сууцны зээл олгож байна. Тэгэхдээ шалгуур нь маш өндөр болсон юм. Өөрөөр хэлбэл, арилжааны банкнаас орон сууцны зээл авна гэдэг өнөөдөр далайгаас сувд шүүрэхтэй адил болж. Түүнчлэн инфляц галзуурч буй өнөө үед банкууд зээлийн хүүгээ өсгөх нь зүйн хэрэг. Тэгэхлээр сувд шүүрсэн азтаныг зээлийн хүү нь багагүй дарамтлахаар болжээ. Худалдан авах чадвартай хүний тоо цөөрсөөр.

Монгол хүний хувьд байр худалдан авах чадвар гэдэг нь ердөө банкны зээлээр хэмжигдэж байж. Аргагүй шүү дээ. Өнөөдөр төсвийн ажилчдын дундаж цалин 280 мянган төгрөг. Гэтэл 100 мянган төгрөгийн цалинтай хувийн хэвшлийнхэн ч цөөнгүй. Цалингаас цалингийн хооронд амь залгуулж буй иргэд юугаараа байр авах билээ. Үр хүүхдээ тусдаа гарахад нь байр тусгаарлаад өгөх чадалтай хүн хэд байна вэ. Монголд ажиллаад, байр авна гэдэг мянга нэгэн шөнийн үлгэр болжээ. Тиймээс банкууд орон сууцны зээл олгохоо болимогц худалдан авах чадвартай хүн үлдсэнгүй гэхэд болно. Гэтэл баахан барилгын компани энд тэндгүй орон сууц сүндэрлүүлчихсэн байдаг. Худалдан авагч олддоггүй. Ингээд буухаа мэдэхгүй өндөрт хөөрсөн орон сууцны үнийн хөөс арилах үест үнэ хямдарчээ. Цаашид ч хямдарсаар байх бололтой.
Худалдан авах чадвар дорой бидний хувьд үнэ бууралтын дээрх хандлага мэдээж хэрэг таатай. Гэвч инфляц галзуурч, улс орны эдийн засаг хямралын түвшинд ирээд буй өнөө үед орон сууцны үнэ огцом буурах нь хэр зохистой вэ. АНУ-ын ипотекийн хямрал дэлхийн эдийн засагт асар их хохирол учруулсныг бид мэднэ. Үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом буурснаар банкуудын найдваргүй зээлдэгчийн тоо өссөн билээ. Барьцааны хөрөнгө нь үнэгүйдээд эхэлмэгц зээлээ өгөхгүй хүн олширсон гэхэд болно. Үүний улмаас банк, санхүүгийн салбар хямралын үүдийг татсан. Өдгөө санхүүгийн хямрал нь дэлхий даяар хэсүүчлэн тэнэж, олон орны Засгийн газар, Төвбанкны толгойны өвчин болоод буй. Тэгэхлээр дээрх байдал манайхыг дайрахгүй гэх баталгаа үгүй билээ. Түүнчлэн орон сууцны үнийн бууралт хэдий хугацаанд үргэлжлэх бол гэдэг сонин. Ингээд дээрх асуултуудад холбогдох мэргэжилтнүүдээс хариу авлаа.
"Ричмонд" компанийн захирал Л.Мандах

-Орон сууцны үнэ хэзээнээс хямдрав?
-Өнгөрсөн хавраас бага зэрэг хямдарч эхэлсэн. Гэвч энэ нь нэг их мэдэгдэхүйц өөрчлөлт байгаагүй. Харин наймдугаар сарын дунд үеэс орон сууцны үнэ огцом унасан.

-Юу нөлөөлсөн бэ?
-Шинээр орон сууц их баригдсан. Нийлүүлэлт их боловч эрэлт бага байна. Өмнөх жилүүдэд орон сууцны үнэ хэтэрхий хөөрсөн болохоор худалдан авах чадвартай хүн алга. Мөн арилжааны банкууд зээл олгохоо больсон нь үүнд багагүй нөлөөлж байгаа байх. Ер нь жил жилийн намар орон сууцны борлуулалт өсдөг. Харин энэ жил тийм үзэгдэл ажиглагдсангүй.

-Цаашид үнэ буурсаар байх болов уу?
-Миний бодлоор буурна. Гэвч баталгаатай хэлж мэдэхгүй. Ямар ч байсан энэ жилдээ орон сууцны үнэ өсөхгүй байх.

-Хашаа байшингийн үнэ буурч байна уу?
-Үгүй. Газар, хашаа байшингийн үнэ цаашид ч тогтвортой байна гэж бодож байна.
ОСМО компанийн ахлах риэлтор Б.Цэрэнноржмаа

-Орон сууцны үнэ ямар шалтгаанаар буурч байна вэ.
-Банкууд орон сууцны зээл олгохоо больсон цагаас үнэ уруудаж эхэлсэн. Хавраас хойш 15-30 хувиар буураад байна. Шинэ, хуучин байрны үнийн уналт харилцан адилгүй байгаа. Учир нь барилгын компаниуд банкуудтай хамтран ажиллах тохиолдол байдаг. Тэд барилгаа барихдаа мэдээж зээл авч байгаа. Харин зээл олгосон банк нь харилцагч компанийнхаа борлуулалтад туслах жишээтэй. Шинэ байрыг бэлэн бус мөнгөөр авах боломж ахиу байдаг. Харин хуучин байрыг бэлэн мөнгө хэрэг болсон тохиолдолд л зардаг. Хүн бүрийн гар дээр бэлэн мөнгө байхгүй шүү дээ. Хуучин байр худалдан авах чадвартай хүн хомсдож байна гэсэн үг. Тиймээс хуучин байрны үнэ огцом унаж байна.

-Орон сууцны үнэ өсч байсан нь зохиомол хөөрөгдөл байсан уу?
-Зарим газар орон сууцны ам метр талбайн үнэ 2500 ам.долларт хүрч байсан үе бий. Энэ бол үнийг хэт их хөөрөгдсөн явдал яах аргагүй мөн. Банкууд орон сууцны зээл чөлөөтэй олгож байх үед худалдан авагчийн тоо эрс нэмэгдсэн. Хэн ч гэсэн дулаан байшинд амьдрахыг бодно. Эрэлт хэт ихэссэн нь үнийг хөөрөгдөх гол хөшүүрэг болж байлаа. Тиймээс зээл амар олдохоо байсан нь худалдан авах чадварыг доройтуулсан гэхэд болно. Худалдан авагч хомсдохоор байрны үнэ ингэж эрчимтэй хямдарч байгаа нь өмнөх үнэ хий хөөрөгдөл байсныг давхар гэрчилж байна. Миний бодлоор барилгын компаниуд ингэлээ гээд алдагдалд орохгүй. Барилгын материалын үнэ яаж ч өслөө гээд орон сууцны үнийг хоёр нугалахын дайтай нөлөөлөхгүй байх. 25 сая төгрөгийн нэг өрөө байр ганцхан жилийн дотор 50 сая болж байсан. Харин одоо орон сууцны үнийн хөөс арилж, бодит байдалд дөхөж очиж байна. Энэ нь маш зөв хэрэг.

-Хашаа байшингийн үнэ хямдраагүй гэх юм?
-Хашаа байшингийн үнэ хямдарсан ч энэ нь маш бага хувьтай ажиглагдаж байна, Орон сууцны үнэ тэнгэрт хадсан тул хүмүүс мөнгөндөө тааруулж хашаа байшин авч байна. Тиймээс хашаа байшингийн эрэлт, хэрэгцээ буураагүй.

-Орон сууцны үнийн бууралт хэр удаан үргэлжлэх бол?
-Банкууд зээл гаргатал уруудсаар байна байх. Түүнчлэн зээлийн хүү өндөр хэвээр байвал дээрх хандлага үргэлжилнэ. Монгол хүн ямар орлоготой билээ, Тиймээс орон сууцны зээл гаргатал, тэр зээлийн хүү нь 1.2-1,5 хувь болтлоо бууртал үнэ уруудсан хэвээр байх болно, Банкууд зээл гаргалаа ч тэр нь тэнгэрт хадсан хүүтэй байх юм бол хэцүү шүү дээ,
"Монгол" дээд сургуулийн захирал Н.Дашзэвэг

-Орон сууцны үнэ эрчимтэй буурч буй нь санхүүгийн системд сөрөг нөлөө үзүүлэх болов уу?
-Ойрын жилүүдэд үл хөдлөх хөрөнгийн үнийн зохиомол хөөрөгдөл ихэд ажиглагдсан. Монгол хүний худалдан авах чадвар сайжирсан учраас тэгсэн байх. Гадаадынхан, гадаадад ажиллаж буй монголчууд орон сууц авах явдал ихэсч байсан. Гэтэл маш олон компани барилга бариад эхэлсэн. Нийлүүлэлт нь эрэлтээсээ давсан учир үнэ буурах нь дамжиггүй. Мөн үнийн зохиомол өсөлттэй орон сууц худалдан авах чадвартай хүн цөөрөхийн зэрэгцээ банкууд ч зээл олгохоо байлаа. Тиймээс үнэ цаашдаа ч унасаар байна байх.
Өнгөрсөн жил АНУ-д ипотекийн хямрал болж, үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом буурсан. Үүнээс болж тус салбарын компаниуд алдагдалд орж, дампуурахад хүрсэн. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүх салбар алдагдалд орсон гэхэд болно. Банкууд ч мөн алдагдалд орж, санхүүгийн хямрал эхэлсэн. Учир нь үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээл авсан хүмүүс барьцаа нь үнэгүйдээд эхэлмэгц зээлээ төлөхгүй байх явдал газар авсан. Найдваргүй зээлдэгчийн тоо өссөн гэсэн үг. Монголд энэ явдал давтагдаж болно. Тиймээс бусад орны туршлага дээр суралцах хэрэгтэй байх.
Монголбанкны ерөнхийлөгч асан Ж.Үнэнбат

-АНУ-д болж буй хямрал Монголд болохгүй гэх баталгаа бий юу?
-Манайд хөрөнгийн зах зээл хөгжөөд удаагүй байна. Томоохон орнууд бие биеэсээ хамааралтай болсон болохоор санхүүгийн хямрал олон орныг дайрч байна. Манай орон бол АНУ-аас тийм ч хамааралтай биш. Тиймээс дэлхийн санхүүгийн хямрал манай орныг дайрахгүй гэж ойлгож болно. Харин орон сууцны үнэ буурч байгаа нь банкуудын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг хэлэхэд эрт байна. Сүүлийн жилүүдэд банкууд зээл их хэмжээгээр олгосон. Олгосон зээлийн чанар хэдэн жилийн дараа танигдана. АНУ-д болсон явдал Монголд давтагдах үндэслэл үгүй боловч үүнээс санамж авах зүйл их бий.


Хуудас:
Та бичлэг оруулахын тулд бүртгүүлсэн хэрэглэгч байх ёстой.
Энд дарж бүртгүүлнэ үү.
Хэрэглэгчийн хэсэг
Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан
 
Шинэ гишүүд
Форум
Азхүү портал
Хайрын гал
Ажлын зар
Сумо бөх
Яруу найраг шvлэг
Клип Видео
Аялал жуулчлал
Оюутан
Эрэл сурал
Санаа оноо
Азтай учрал
Бүсгүйчүүд
Залуучууд
Эрүүл мэнд
Хоолны жор
Танин мэдэхүй
Галлерей
Web site Internet
Flash, HTML
Програм хичээл
Программын хэл
Автомашин
Байр өрөө газар
Зарна
 
 

by: miniCMS™ v1.0